Байгууллагын тухай
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих замаар импортыг орлох чанар стандартад нийцсэн хүнсээр дотоодын хэрэгцээг хангах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх
ЗОРИЛТ
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн стратегийн зорилт нь хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн кластер бүхий эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх замаар экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эзлэх хувийг нэмэгдүүлэхэд оршино.
Тус бүсийн хүрээнд дотоодын хүнсний хангамжийг тогтвортой нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Мөн төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, гадаадын донор байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд чиглэн ажиллана.
“Агро-сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, үүнд шаардлагатай инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамарсан сургалт, соён гэгээрүүлэх болон нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулна.
Товч мэдээлэл
“Агро-сити” Эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан тусгай бүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэн ажилладаг.
