“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн /KIST/, JCI Progress, JCI Wonju байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “EDULINK” боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт Чойжамцын Эрдэнэт-Од шалгарлаа. Залуу судлаачийн хөтөлбөрт хамрагдах батламжийг НИТХ-ын төлөөлөгч, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Г.Батбаяр гардуулан өгч, амжилт хүслээ.
Ч.Эрдэнэт-Од 2026 оны аравдугаар сарын 1-нээс 2027 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл KIST-д таван сарын хугацаанд дадлагажигчаар ажиллаж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, функциональ хүнсний идэвхт нэгдэл болон метаболитын шинжилгээний чиглэлээр судалгаанд оролцоно. Улмаар БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургууль /UST/-д мэргэжлийн чиглэлээрээ 100 хувийн тэтгэлэгтэйгээр хоёр жил магистрт суралцах юм. Хөтөлбөрийн хүрээнд дадлагын үеийн цалин, сургалтын төлбөр, тэтгэлэг, дотуур байр зэрэг нийт 150 гаруй сая төгрөгийн дэмжлэгтэй суралцаад, эх орондоо ирнэ.
Ч.Эрдэнэт-Од төгсөөд “Агро-сити”–KIST-ийн хамтарсан судалгааны төвд гурван жил ажиллаж, эзэмшсэн мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлэх нөхцөлтэй. Энэхүү хөтөлбөрийг цаашид урт хугацаанд үргэлжлүүлж, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, судалгаа, үйлдвэрлэлийн бааз суурь бий болгох, гадны туршлагыг нутагшуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан, баталгаат хүнсээр хангах, нарийн ногооны импортын хэрэглээг халах зорилготой “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн зорилтод нийцсэн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх, БНСУ-ын Кёнхи их сургуультай хамтран ухаалаг хүлэмжийн чиглэлээр тэтгэлэгт оюутан сургахаар ажиллаж байгаагаа Захирагч Г.Батбаяр онцоллоо. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Ч.Эрдэнэт-Од "Төгсөөд Агро-сити эдийн засгийн тусгай бүсэд ажиллаж, сурсан мэдсэнээ харамгүй зориулна" гэв.




