НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч, НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлын хүрээнд нийслэлийн хүнсний хангамж, тэр дундаа хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Хүнсний үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг хооронд нь уялдуулах, нийслэлийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг бусад холбогдох төсөл, хөтөлбөртэй уялдуулан нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.
Мөн “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нь зөвхөн зах зээлийн хэрэгцээг хангах асуудал бус, нийслэлийн иргэдийн хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах бодлогын нэг хэсэг. Ялангуяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд дотоодын хүнсний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх нь чухал” гэдгийг санууллаа. Ийнхүү нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлэх асуудлыг анхаарахыг НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хөндлөө.


