Токио хот, 2026 оны 9 дүгээр сарын 24.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд “AGRO-CITY-JAPAN PARTNERSHIP MISSION 2026” бизнес, хөрөнгө оруулалтын танилцуулга арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Япон улсад үйл ажиллагаа явуулж буй 34 байгууллагын 40 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, салбарын төлөөлөл оролцож, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр хөгжлийн бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр “Агро-сити” төслийн хүрээнд хүлэмжийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, агро технологи, логистик болон дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг танилцуулж, Японы бизнес, хөрөнгө оруулагчдын санал, сонирхлыг сонсов.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан “Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээг тогтвортой хангахын зэрэгцээ Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой “Агро-сити” төслийг дэмжиж, Японы талын байгууллага, бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэнэ” гэлээ. Арга хэмжээний үеэр Японы хэд хэдэн байгууллага хүлэмжийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, агро технологи, логистик болон дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Энэ хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах зорилгоор 2026 оны 10 дугаар сард Монгол Улсад үргэлжлүүлэн уулзалт, хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцов. “AGRO-CITY-JAPAN PARTNERSHIP MISSION 2026” арга хэмжээ нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологи, дэд бүтцийн хөгжлийг дэмжих чиглэлээр Японы байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, цаашдын тодорхой төсөл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.


.jpg)

